“Sendly” аппликэйшн нь Монгол залуусын хөгжүүлсэн, дэлхийд тархсан Монголчууддаа зориулан, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ юм.
Тэд 2020 оны 5-р сард АНУ-аас Монгол улс руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээ хийснээр бизнесийн гараагаа эхлүүлж байсан бол 2021 оны 5-р сард Австрали Улсаас, Монгол Улс руу, 2021 оны 11 сард Япон Улсаас Монгол Улс руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нээж 5000 ам.доллар хүртэлх шилжүүлгийг 10 минутын дотор хамгийн бага шимтгэлтэйгээр хийх боломжийг олгон, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 8.7 сая ам.доллар буюу 24.8 тэрбум төгрөгтэй тэнцэх гүйлгээг Монгол Улсад оруулж ирсэн байна. Зөвхөн 2021 онд 19.6 мянган ширхэг гүйлгээ хүлээн авсан нь арилжааны бүх банкуудын нийлбэр хүлээн авсан 42.4 мянган ширхэг SWIFT гүйлгээний тоотой харьцуулахад 46.2 хувьтай тэнцэх гүйлгээг дангаараа гүйцэтгэжээ.
Sendly нь өнгөрсөн 2021 онд БНХАУ-ын “WechatPay” үйлчилгээний Монгол Улс дах албан ёсны түнш байгууллага болсон бөгөөд энэ онд “WechatPay” үйлчилгээг нэвтрүүлэх, цаашид БНХАУ-ын мөнгөн гуйвуулга хийхээр бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм.
Sendly-ийн Англи улс дахь охин компани болох MonRemit Limited нь 2021 онд Англи улсын Санхүүгийн зохицуулах хороо болох FCA /Financial Conduct Authority/-с Англи болон Европын холбооны орнуудад үйл ажиллагаа явуулах API /Authorized Payment Institution/ тусгай зөвшөөрлийг авсан ба 2022 оны 5-р сард Европын холбооны орнуудад үйлчилгээгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Sendly-н ялгарах онцлог нь бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын системийг бий болгож байгаа нь бусдаас шимтгэлийн хэмжээ хамгийн бага байх давуу талыг бүрдүүлж байна.
Sendly нь өөрийн аппликэйшнээр дамжуулан гадаадад байгаа Монголчууддаа онлайн худалдаа хийх, сайн дурын ниймгийн даатгалд хамрагдах, хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, орон сууц худалдан авах зэрэг боломжуудыг олгож эхлээд байна.
Одоогоор тус компани нь “Sendly-Money transfer for Mongolians” буюу Дэлхийн Монголчуудад зориулсан мөнгөн гуйвуулгын үйлчилгээ гэсэн уриатай бөгөөд цаашид 2023 оноос эхлэн Дэлхийн зах зээлд нэвтэрч бусад оронд үйл ажиллагаагаа нээх зорилготой байна.
Sendly нь 2022 оны 3-р улиралд олон нийтэд хувьцаагаа арилжаалахаар төлөвлөн бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Бэлтгэл ажлын хүрээнд Монголын болон Олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллах гэрээгээ эцэслэн байгуулсан байна.
IPO гаргалтад хамтран ажиллах байгууллагууд:
Үндсэн андерайтер: Өлзий энд Ко капитал ҮЦК
Хамтрагч андерайтер: Райнос Инвестмент ҮЦК
Хуулийн фирм: Эм Ди Эс Хаанлекс ХНН
Хөндлөнгийн үнэлгээний компани: “Гэрэгэ Эстимэйт” ХХК
Хөндлөнгийн аудитын компани: “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК
Монголын Үнэт цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаярын үүсгэн байгуулж, удирдаж буй “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монголын тэргүүний үнэт цаасны компаниудын нэг бөгөөд хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилготойгоор 2007 онд байгуулагджээ.
Тус компани Монголд анх удаа HKEX, LSE, ASX and NYSE зэрэг гадаадын биржийн арилжаанд оролцох үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд Ард Кредит ББСБ ХХК-ийн IPO гаргахад захиалгын бүртгэлийн аргыг анх удаа ашиглаж амжилттай арилжаалсан, анхны андеррайтер төвтэй, Sand box -ийн дижитал бонд зэргийг гаргасан тэргүүлэгч компани байна.
“Райнос Инвестмент ҮЦК” ХХК нь БНСУ-ын “Райнос Эссет Менежмент” хөрөнгө оруулалтын менежментийн компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2019 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд ЛэндМН ББСБ ХК-ийн Нээлттэй бонд гаргах үйл ажиллагаанд синдикат компаниар, Андсистемс ХХК, Ай Эн Мобайл Нэтворк ХХК-ийн хаалттай хүрээнд гаргасан бүтээгдэхүүний хөрөнгө оруулалтын зөвлөх компаниар ажилласан туршлагатай юм.
“Эм Ди Эс Хаанлекс” хуулийн фирм нь 2011 онд анх үүсгэн байгуулагдаж 2018 оноос эхлэн олон улсын нэр бүхий компаниудад хуулийн фирмээс хууль зүйн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Компани нь дотооддоо Лэндмн ББСБ ХХК, Монгол даатгал ХК, Түмэншувуут ХК, Инвескор ББСБ ХХК, Сүү ХК зэрэг компаниудын IPO гаргахад хууль зүйн дүгнэлт гаргаж ажилласан туршлагатай хуулийн фирм болно.
“Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК (Эрнст энд Янг, Монгол) нь дэлхийн 150 орны 300,000 ажилтантай Эрнст энд Янг Глобал сүлжээний бүрэн эрхт гишүүн бөгөөд Монгол улсад 2001 оноос эхлэн хөндлөнгийн аудит, татварын зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж буй компани юм.
Тус компани нь 2021 онд 6 арилжааны банк болон Монголын Ипотекийн Корпораци, Лэндмн, И-март, Тэнгэр даатгал зэрэг компаниудын санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийжээ.
Хөндлөнгийн үнэлгээний компаниар “Гэрэгэ Эстимэйт” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний багийн ахлагчаар тус компанийн үүсгэн байгуулагч, мэргэшсэн үнэлгээчин Д.Гантулга ажиллах юм байна.
Д.Гантулга нь Олон Улсын Мэргэшсэн Үнэлгээчдийн Рояал Институт (RICS)-ийн бизнес болон биет бус хөрөнгийн үнэлгээгээр мэргэшсэн үнэлгээчин бөгөөд энэ үнэлгээний баг өмнө нь Лэнд МН ББСБ, Инвескор ББСБ, Бодь Даатгал зэрэг санхүүгийн байгууллагууд IPO хийхэд оролцсон туршлагатай байна.
Хамтрагч талууд IPO-ний бэлтгэл ажлын хүрээнд үнэт цаасны танилцуулга /prospectus/-г боловсруулан Санхүүгийн зохицуулах хорооноос эцэслэн зөвшөөрөл авсны дараачаар хувьцааны үнэлгээ, нэрлэсэн үнийг олон нийтэд мэдээлнэ.