“Сэндли ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй гаргаж буй 2 дахь удаагийн Сэндли 2.0 нэртэй бондын анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын үйл ажиллагаа Санхүүчдийн талбай буюу банк санхүүгийн билэг тэмдэг болох бухын хөшөөний өмнө ёслол төгөлдөр боллоо.
Цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд, бондын андеррайтераар ажилласан “Өлзий энд Ко капитал”, “Голомт капитал”, “Райнос инвестмэнт” үнэт цаасны компаниудын болон “Сэндли ББСБ” ХК-ийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр 2024 оны хамгийн өндөр өгөөжтэй гэж хэлж болох 10.0 тэрбум төгрөгийн Сэндли 2.0 бондын давуу тал болон “Сэндли ББСБ” ХК-ийн одоогийн үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцууллаа.
Сэндли 2.0 бондын нэрлэсэн үнэ 100.000 төгрөг, 24 сарын хугацаатай, жилийн хүү нь 18.5 хувь бөгөөд хүүг улирал тутамд олгоно. Хүүгийн орлогын албан татвар нь хөрөнгийн бирж дээр гаргаж буй учир 5 хувь байна.
Хөрөнгө оруулагчдад таатай боломжийг олгож буй уг бондын арилжааны захиалга найман минутад дүүрч, олон нийтээс 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээ. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг тус компани орон нутгийн 51 салбар, Улаанбаатар хотын 7 салбараараа дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ.
“Сэндли ББСБ” ХК нь 2023 оны нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 18 сарын хугацаатай, 8.5 тэрбум төгрөгийн нээлттэй бондыг олон нийтэд санал болгон 1 цагийн дотор амжилттай арилжаалж байсан бөгөөд энэхүү бондын эргэн төлөлтөө 2024 оны 7 дугаар сарын 29-нд хөрөнгө оруулагч нартаа бүрэн төлж дуусгасан байна.