“Сэндли ББСБ” ХК нь үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC27001:2013 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг өчигдөр /2023.06.07/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх гардуулан өглөө.
Олон улсын стандартын баталгаажуулалтын БНЭУ-ын QFS байгууллагыг төлөөлж “Монсертф” ХХК ажилласан байна. Тус компани нь Монголын анхны олон улсад итгэмжлэгдсэн цорын ганц баталгаажуулалтын байгууллага юм.
“Монсертф” ХХК-ийн хийсэн аудитын шалгалт, тохирлын үнэлгээ, хяналт шинжилгээг үндэслэн БНЭУ-ын QFS байгууллагаас олгосон энэхүү гэрчилгээг гардуулах үеэрээ Элчин сайд М.П.Сингх “Сэндли ББСБ” ХК-ийн хамт олонд баяр хүргэж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн байна.
Сэндли нь хэрэглэгч, харилцагчдынхаа мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах, системийн хэвийн, найдвартай ажиллагааг бүрэн хангах чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандарттай болох ажлыг 2022 оны есдүгээр сараас эхлэн үе шаттай төлөвлөгөө гарган, хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү амжилттай нэвтрүүлжээ.
“Сэндли ББСБ” ХК нь Монгол Улсын анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлснээс гадна технологид суурилсан финтек зээл, итгэлцлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Монгол Улсын анхны олон улсын мөнгөн гуйвуулгын бие даасан үйлчилгээг нэвтрүүлсэн тус компани нь “Sendly” аппликейшнаараа дамжуулан АНУ, Австрали, Япон болон европын холбооны 27 улсаас Монгол Улс руу мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан, хамгийн бага шимтгэлтэйгээр гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн юм. Мөн БНХАУ-ын иргэд Wechatpay-ээр Монгол Улсад төлбөр тооцоогоо саадгүй төлдөг болсон. Харин Монгол иргэд Alipay ашиглан БНХАУ руу дунджаар 10 минутын дотор мөнгөн гуйвуулга илгээж байна.