АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 2023 оны 6-р сарын 7-9-ний хооронд Amcham Mongolia 7 дахь удаагийн “Doorknock” уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Бунган, АмЧам-ийн төлөөлөгчид, монголын олон салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд багтсанаас финтек, технологийн компаниудыг төлөөлж “Сэндли ББСБ” ХК-ийн Б.Наранбат, Н.Билгүүн нар оролцсон юм.
“Doorknock” уулзалтын зорилго нь АНУ, Монгол Улсын худалдаа, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд Монгол Улсын бизнесийн төлөөлөгчид эхний өдрөө АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан орлогч сайд Скотт Татлоктой уулзсан юм. Мөн тус улсын Хөгжлийн санхүүгийн корпорацийн бодлого хариуцсан захирал, хатагтай Мередит Поттертой уулзаж, тус байгууллагаас Монгол Улсад хөрөнгө оруулж болох төслүүдийн талааар ярилцав. Тухайлбал, санхүүгийн үйлчилгээ, орон сууц, ногоон санхүүжилт, хүнс, мэдээлэл, харилцаа холбоо /ICT/ зэрэг салбарыг дурьдсан байна. Монголын бизнесийн салбарынхан хоёр дахь өдрөө АНУ-ын Худалдааны танхимын ази хариуцсан дэд Ерөнхийлөгч Чарльз Фриман, Жоселин Чан нарын зохион байгуулсан дугуй ширээний уулзалтад оролцлоо. Энэхүү уулзалтад John Deer, Herbalife, IRI зэрэг компанийн төлөөллүүд хүрэлцэн иржээ. Үүний дараа монголын төлөөлөгчдийг АНУ-ын Экспорт-Импорт банкны тэргүүн бөгөөд ТУЗ-ийн дарга, хатагтай Рита Жо Льюис болон бусад албан тушаалтнууд өндөр хэмжээнд хүлээн авч, банкныхаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан бөгөөд дараагийн хамтын ажиллагаагаа ч ярилцжээ. Харин гурав дахь өдрөө CIPE буюу Олон улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төв, Конгрессийн гишүүн, хатагтай Дина Титус, ноён Даррел Исса нарын оффист зочилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, стратегийн зөвлөгөөний фирм болох Эйша групп зэрэг тус улсын нөлөө бүхий төлөөллүүдтэй уулзсан байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд монголын төлөөлөгчдийг Солонгосын хойг ба Монгол Улсыг хариуцсан захирал, ноён Эндрю Арвесет урьсан бөгөөд АмЧам-ын зүгээс тус байгууллагаар дамжуулан Ерөнхийлөгч Байденд хандан Монгол Улсыг эдийн засгийн Pacific Economic Framework and the Global Partnership зэрэг санаачилгад багтаах, мөн америкийн компаниуд, бизнесийн салбарынхныг Монгол Улсад хөрөнгө оруулахыг дэмжиж өгөхийг хүссэн байна.
Дээрх 3 өдрийн уулзалтын үеэр талууд Монгол Улсын ардчилал, засаглал, зах зээлийн эдийн засаг, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэхэд тулгардаг сорилт, мөн боломж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг томоохон сэдвийн хүрээнд харилцан санал солилцжээ.
Монгол Улс дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/ монголын шилдэг бизнес эрхлэгчдийг АНУ-д ажлын шугамаар зочлуулахад чиглэсэн дээрх үйл ажиллагааг 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна.