“Сэндли” хувьцаа эзэмшигчддээ 614.8 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
“Сэндли” ББСБ ХК 2022 оны санхүүгийн тайландаа “Шонхор үнэлгээ аудит” ХХК-иар аудит хийлгэж, компанийн цэвэр ашгийн 20,064 хувь буюу 614,817,500 төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа хуваарилахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд нэгж хувьцаанд ногдох ашиг нь 2.75 төгрөг байхаар тогтсон байна.
“Сэндли ББСБ” ХК нь 2022 оны есдүгээр сард компанийнхаа 29.97 хувийг олон нийтэд санал болгосноор нээлттэй хувьцаат компани болсон юм. Олон нийтэд нээлттэй компани болсноос хойш хувьцаа нь идэвхитэй арилжаалагдаж, 2023 оны нэгдүгээр сарын 20-нд Монголын хөрөнгийн биржийн “ТОП 20” индекст багтаж чаджээ.
Тус компани 2022 оны ногдол ашгаа “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд мөнгөн хэлбэрээр байршуулж, 2023 оны долдугаар сарын 03-ны өдөрт багтаан хуваарилж дуусгахаар төлөвлөжээ.
Харин хувьцаа эзэмшигчдийн нэрсийг баталгаажуулах бүртгэлийн өдрийг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр байхаар тогтжээ.
Монгол Улсад анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлсэн тус компанийн “Сэндли” аппликейшн нь америк, австрали, япон, мөн европын 27 улсад нэвтэрч, хэрэглэгчид 10 минутын дотор хамгийн бага шимтгэлээр мөнгөн гуйвуулга хийх боломж бүрдсэн юм. “Сэндли ББСБ” ХК тун удахгүй БНСУ, БНХАУ-ын зах зээлд нэвтэрхээр ажиллаж байна.